АНУ-д суралцахыг хүсч буй хүмүүст зориулан сургуулиа хэрхэн сонгох талаар зөвлөж байна.

Аль болох эртхэн… Та зайлшгүй өгөх шалгалтуудад хэр зэрэг бэлтгэлтэй байгаагаас хамааран сургуулиа 12-17 сарын өмнөөс хайж эхлээрэй. Хэрэв шалгалтаа сайн өгөх хангалттай бэлтгэлтэй, эсвэл шалгалтуудаа өгч хангалттай оноо авсан бол 12 сарын өмнөөс хайж эхэлж болно. АНУ-ын сургуулиудад хандаж, материал явуулаад, түүндээ хариу авах процесс нь хагас жилээс бүтэн жил хүртэл үргэлжилдэг учир аль болох эртнээс судлаж, хайж эхлэх хэрэгтэй.
Ихэнх сургуулиуд 9-р сарын намрын семестрт (Fall) суралцах өргөдөлийг 2-4-р сард, харин 1-р сард эхлэх хаврын семестрийн өргөдөлийг 5-6-р сард авч дууссан байдаг. Тиймээс аль болох эртхэн гэж танд зөвлөе.

Сургуулиудаас юу хайх хэрэгтэй вэ? Энэ нь таны зорилго болон сонирхлоос хамаарна. Ямартай ч дараах зүйлүүдийг харгалзахад зүгээр. Үүнд:
1. Сургуулиудын шатлал, зэрэглэл (ranking). Сургуулийн зэрэглэл нь та тухайн сургуульд сурвал ямар хэмжээний чанартай боловсрол эзэмших, бас хэдий хэмжээний цалин, өндөр албан тушаалд хүрч болох вэ гэдгийг харуулах гол үзүүлэлт.

Тухайлбал, АНУ-д сургуулиудыг хэрхэн зэрэглэдэг аргын талаар хэдэн үг хэлвэл:
• Сургуулийн ерөнхий зэрэглэл (ranking) нь тус сургуулийн бүх салбар сургууль нэр хүндтэй, чанартай гэдгийг илэрхийлэхгүй. Хэрэв та бизнесийн мастерийн сургалтад суух гэж байгаа бол сургуулийн ерөнхий зэрэглэл биш харин хөтөлбөрийн тусгай зэрэглэлийг харахыг зөвлөе. Тухайлбал, Stanford-ын их сургууль ерөнхий зэрэглэлээрээ дэлхийд №2-т жагсдаг ч бизнесийн хамгийн шилдэг хөтөлбөртэй нь Northwestern, Chicago, Pennsylүania-ийн их сургуулиуд байх жишээтэй.
• Өндөр зэрэглэл танд боловсролын болон мэргэжлийн амжилт авчирна гэсэн баталгаа биш. Таны амжилт таны хүч хөдөлмөрөөс л хамаарна.
• Сургуулийн зэрэглэл туйлын үнэн биш. Зэрэглэлийн системийн талаар гомдол олон ирж байсан удаа бий.

2. Байрлал Сургуулийн байрлал маш чухал. Хамгийн наад зах нь ажил эрхлэх боломж байрлалаас ихээхэн хамаардаг. Хэрэв таны сургууль үйлдвэрүүдтэй ойрхон бол танд оюутан байхдаа ажиллах боломж их. Та компьютер, программын чиглэлээр ажиллах сонирхолтой бол Калифорнид байрладаг Силикон Вэллид ойрхон сургуулийг сонговол зүгээр. Харин шоу бизнес, урлагийн салбарт хүчээ үзэх бол эргэлзэлгүйгээр Лос Анжелест сурах нь тохиромжтой. Нью-Йорк хот бол санхүү, даатгал, хэвлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг компаниуд ихээр төвлөрсөн газар. Харин Техаст хими, физикийн инженерүүд, геологичдыг ажиллуулдаг нефтийн үйлдвэрлэл хөгжсөн гэх мэт онцлогуудтай.

3. Найзууд Монголчууд Америкт олноор байдаг гэдгийг та дуулсан бизээ. Одоогийн байдлаар Сан Франциско, Вашингтон, Денвер зэрэг хотуудад хамгийн их төвлөрөөд байна. Мөн олон үндэстэн холилдсон, харьцангуй эрх чөлөөтэй, гадаадууд ихээр суурьшсан газрууд нь Лос Анжелес, Нью-Йорк, Чикаго, Сиэтл гэх мэт бий. Нью Йорк, Сан-Францискод томоохон хэмжээний хятад хорооллууд, Лос Анжелест Солонгос, Тайланд хорооллууд байх жишээтэай. Харин Хьюстон болон өмнөд Калифорнид испаничууд суурьшсан байдаг. Хэрэв та эдгээр хотуудад ойрхон амьдардаг бол танд гадаадын хоол хүнс маш хялбар олдох юм.

4. Цаг уур ба байгалийн гамшиг Америк бол маш том улс бөгөөд бүс бүр өөр цаг ууртай. Невада, Аризона цөлөрхөг, харин Хавай ба Флорида муж бүтэн жилийн турш дулаан ба чийглэг уур амьсгалтай, Миннесотад өвөлдөө –30С хэм хүртэл хүйтрэх жишээтэй. Байгалийн гамшиг мөн л ялгаатай. Калифорнид газар хөдлөлт элбэг бол Зүүн хойд мужуудад суулийн хэдэн арван жил хүчтэй цасан шуурга болж хүний амь үрэгдэх нь олон болсон, харин Флорида, Жоржиа, Өмнөд Каролинад байнга далайн шуурга дэгддэг.

5. Арьс өнгөний ялгаварал Үнэндээ арьс өнгөний ялгаварал дэлхийн бүх өнцөгт байдаг гэдгийг та бид мэднэ. Эрх чөлөөт Америкт ч ийм зүйл бий. Гэхдээ хэрэв та том хотод, тухайлбал, Нью-Йорк, Чикаго, Лос Анжелес зэрэг хотуудад сурах бол энд арьс өнгөний ялгаварал харьцангуй бага, харин Өмнөд мужуудад сурвал их байдаг гэдгийг мэдрэх болно.

6. Эрдэмтэн, багш нарын бүрэлдэхүүн Хэрэв та докторантурт сурах бол факультетаа маш нарийн судлаарай. Диссертаци бичихэд эрдэмтэн багш нарын зөвөлгөө маш хэрэгтэй болох бөгөөд судалгааны сэдэвтэй чинь холбоотой багштай факультетийг сонгох хэрэгтэй. Ингэхдээ нэг оюутанд ногдох багш, профессорын тоог анхаараарай. Хэрэв энэ тоо хангалтгүй байвал тэр хэмжээгээр танд тавих анхаарал, багштайгаа харьцах, зөвөлгөө авах боломж буурна гэсэн үг.

7. Төлбөр Ерөнхийдөө хувийн сургуулийн төлбөр нь улсын сургуулийнхаас илүү өндөр байдаг. Гэхдээ та сургуулийг өндөр төлбөртэй гэсэн шалтгаанаар жагсаалтаас хасаж болохгүй. Танд санхүүгийн туслалцаа эсвэл тэтгэлэг олдож магадгүй юм шүү. Зарим сургуулиуд гадаад оюутнуудад төрөл бүрийн санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Сургуулиас гадаад оюутнуудынхаа дунд зарладаг санхүүгийн тэтгэлэг нь ихэвчлэн эрдэмтэн багшийн туслах багшаар ажиллуулж, төлбөрийнх нь тодорхой хувийг чөлөөлөх, эсвэл сар бүрийн цалин олгох хэлбэрээр байдаг. Гэхдээ тухайн сургуулийг төгссөн нэр хүндтэй төгсөгчийн нэрэмжит шагнал, стипенд гэх мэт сард 1500-2500 хүртэл ам.долларын төрөл бүрийн жижиг тэтгэлэгүүд ч бий. Эдгээрт аль болох эртхэн хандах нь чухал байдаг.

8. Курс, хичээлүүд Зарим сургуулиуд хичээлийн тогтсон хөтөлбөрийг санал болгодог бол зарим нь нэлээд бие даасан хөтөлбөрийг санал болгодог. Та санал болгодог хичээлүүд, хөтөлбөрийн талаарх мэдээллийг агуулсан каталогийг ямар ч сургуулийн вебсайтнаас татаж авах боломжтой.

Эдгээр 8 шалгуур үзүүлэлт бол хамгийн чухал нь гэж ойлгож болно. Мөн эдгээрээс гадна маш олон шалгуур үзүүлэлт байж болно. Тухайлбал, байрны зардал, нөхцөл, сургуулийн орчин, кампус, сургуульд суралцагч оюутнуудын хүйс, нас, шашин шүтлэг, номын сан, компьютерийн лаборатори, эрдэм шинжилгээний лабораторийн хангамж гэх мэт. Зарим төвөөс зайдуу байршилтай муж, хотуудад шашны байдлыг нь ихээхэн харгалзаж сургуульдаа элсүүлэх бодлого баримталдаг сургууль ч бий. Ийм сургуульд ихэвчлэн Христийн шашны аль нэг урсгалыг баримтлагчид түлхүү сурдаг, үүнийгээ дагаад нийгмийн гарал, боловсролын түвшин зэргээрээ арай онцлогтой болсон байдаг.

Ихэнх сургуулийн вебсайтнаас та тухайн сургуулийнхаа онцлогийг мэдэж авч болно. Сургуулиа сурталчилахын тулд “Яагаад манай сургуулийг сонгох хэрэгтэй вэ гэвэл…?” гэсэн утга бүхий хэсэг заавал оруулсан байдаг. Энэ хэсгээс та тус сургуульд суралцахын давуу талыг богино хугацаанд мэдэж авч болно. Ингээд, АНУ-ын бакалаврын хөтөлбөр бүхий 3000 гаруй их сургууль, магистрын хөтөлбөр бүхий 1000 гаруй их сургуулиас өөртөө тохирох хөтөлбөрийг сонгох сонголт тань мэргэн байх болтугай гэж ерөөе!

No comments: